Венецийн комисстой хамтарч цахим сургалтын семинар хийв

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Европын Зөвлөлийн Венецийн комисс, Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэг хамтран “Өнөөгийн олон улсын харилцааны нөхцөлд улс дамнасан Үндсэн хуулийн үйл ажиллагаа” сэдэвт цахим сургалтын семинарыг 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулав. Түүнд Энэтхэг, БНСУ, Индонез, Казахстан зэрэг Азийн 20 гаруй улсын 80 гаруй төлөөлөгчид оролцов.

Цахим сургалтын семинарыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн дарга Н.Чинбат нээж үг хэллээ. Тэрбээр, Венецийн комиссын илтгэгч нарын арвин мэдлэг, туршлагыг Нийгэмлэгийн бусад гишүүн орнуудын Үндсэн хуулийн хяналтын байгууллагуудын Тамгын газрын төлөөлөгчидтэй хуваалцах нь зүйтэй гэж үзэж буйгаа тэмдэглэлээ. Мөн оролцогчид семинараар өнөөгийн олон улсын харилцааны нөхцөлд улс дамнасан Үндсэн хуулийн үйл ажиллагаа хэрхэн явагддаг талаар үнэтэй мэдлэг, туршлага олж авч, энэ нь цаашдын ажил судалгаанд хувь нэмэр оруулна гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлэв.

Сургалтын семинарын ажиллагаанд Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Аксель Никейз оролцож үг хэллээ.

Венецийн комисс гэдгээрээ алдартай “Ардчиллын төлөөх Европын комисс” нь 1990 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 60 гаруй гишүүнтэй болоод байна. Хууль зүйн зөвлөгөө өгөх, эрх зүйн тогтолцоо болон институцийн бүтэц, зохион байгуулалтаа Европын стандарт, олон улсын ардчилал, хүний эрх, туршлагад нийцүүлэхэд гишүүн орнууддаа туслах үүрэгтэй байгууллага юм.