Ирэх онд Хансс-Зайделийн сан Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлсний 30 жилийн ой болно

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат тус улсад айлчилж буй ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн Зүүн хойд болон Төв Азийн хэлтсийн дарга, хатагтай Дебора Тидекс-Жоуг өнөөдөр /2022-9-26/ Үндсэн хуулийн цэцийн ордонд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат хэлсэн үгэндээ, “Монгол Улсад анх удаа хүрэлцэн ирээд эхнийхээ уулзалтаа Үндсэн хуулийн цэцээс эхэлж буйд баярлаж байгаа”-гаа илэрхийллээ.

“Манай хоёр орны харилцаа арвин баялаг түүхтэй. Энэхүү харилцааны хөгжлийн нэг хэсэг нь шүүхийн байгууллагууд тэр тусмаа Үндсэн хуулийн шүүхийн харилцааны хүрээн дэх хамтын ажиллагаа юм. Түүнийг улам хөгжүүлэхийн төлөө байна” гэдгээ тэмдэглэв.

“Иргэдийн эрх зүйн ухамсар, Үндсэн хуулийг дээдлэх үзлийг хөгжүүлэхэд   Үндсэн хууль батлан гаргасан үеэс  манай төрөөс онцгой анхаарч ирсэн билээ. Олон улсын түвшинд ч энэ чиглэлээр хамтран ажиллаж, их зүйл хийгдсэн. Тухайлбал, ХБНГУ-ын шүүх, олон сангууд, түүний дотор Хансс-Зайделийн сантай тогтоосон хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэсэн.

Үндсэн хуулийн шүүхийн үүрэг цаашид улам бүр өсөх хандлагатай байна. Өнөөдөр дэлхий дахиныг хамарсан цар тахал, түүний нийгэмд үзүүлж буй үр нөлөө, олон улсын амьдралын өөрчлөлт, цахим ертөнцийн хөгжил, дэвшил зэрэг глобаль өөрчлөлтүүд нь Үндсэн хуулийг хамгаалах механизмыг боловсронгуй болгохыг гарцаагүй шаардаж байна.  Үндсэн хуулийн хөгжлийн  төсөөллийг тодорхойлохдоо хамтран ажилладаг Та бүхэнтэй харилцаагаа улам хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай гэж ойлгож байна.

 Монголын парламентаар Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомжийг улам боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэх төлөвтэй холбогдуулан тухайлбал, хувийн эрхийн маргааныг Үндсэн хуулийн шүүх хэрхэн авч үздэг, энэ талаар зохион байгуулалтын болон хүний нөөцийг хөгжүүлэхийн хувьд юу хийх ёстой талаар анхаарч буйгаа Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат тэмдэглэв.

Хатагтай Дебора Тидекс-Жоу хариу хэлсэн үгэндээ, “ХБНГУ-ын Хансс-Зайделийн сан дэлхийн 60 орчим улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд  5О гаруйд нь өөрийн суурин төлөөлөгчийн газартай. Тэдгээрт олон чиглэлээр төсөл хэрэгжүүлж ирсэн баялаг түүхтэй. Харин Монгол Улсын хувьд эрх зүйн чиглэлээр төсөл хэрэгжүүлж ирсэн нь  бусдаас онцлогтой юм.

Ирэх онд Хансс-Зайделийн сан Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлсний 30 жилийн ой болно.

Манай сан та бүхний шилжилтийн чухал үеийг хамт даван туулж ирсэн түүх маань маш бахархалтай юм. Цаашид ч энэ түүх үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна. Ийнхүү хамтын ажиллагааг улам идэвхтэй, өргөн хүрээтэй байлгахын төлөө бид ажиллах болно.” гэдгээ илэрхийллээ.