Хууль зүйн байнгын хорооны дарга БНИУ-ын Үндсэн хуулийн шүүхийн шүүгч Манахан М.П.Ситомпултай уулзлаа

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр  Индонез Улсын Үндсэн хуулийн шүүхийн шүүгч, доктор Манахам М.П.Ситомпулыг хүлээн авч уулзлаа.

Байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар ноён Манахам М.П.Ситомпулыг хүлээн авч уулзах үеэр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа энэ цаг үед уулзаж, санал, туршлага солилцож байгаадаа баяртай байгаагаа илэрхийллээ.

Ноён Манахам М.П.Ситомпул, “Индонез Улсын Үндсэн хуулийн шүүх нь 2003 онд анх байгуулагдсан. Үндсэн хуулийн заалтууд дахь дөрвөн бүрэн эрх, нэг үүргийг хэрэгжүүлдэг. Үндсэн хуулийн дагуу бүрэн эрх олгогдсон байгууллагуудын хоорондох маргааныг шийдвэрлэдгээс гадна улс төрийн намуудыг татан буулгах зэрэг асуудлуудыг эрхэлдэг. Үндсэн хуулийн шүүхийн шийдвэр эцсийнх байдаг” хэмээв.

Индонезийн Үндсэн хуулийн шүүх болон Парламент хоорондын харилцааг хуулийн тухай актаар зохицуулдаг гэлээ. Уг актыг тус улсын Ерөнхийлөгч, парламенттайгаа хамтран гаргадаг аж.

Талууд хоёр улсын Үндсэн хуулийн байгууллагуудын үйл ажиллагааны талаар харилцан санал солилцов.

Хүлээн авч уулзахад Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн  Б.Буяндэлгэр байлцав.

/Эх сурвалж: Parliament.mn./