Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

             МЭНДЧИЛГЭЭ

 Монгол Улсын ардчилсан Үндсэн хууль нь улсын тусгаар тогтносон, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, иргэний нийгмийн үндсийг хамгаалан дээдэлж, олон хэвшил бүхий эдийн засаг, өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, төрийн эрх мэдлийн хуваарилалтыг тодотгож, парламентат ёсны сонголтыг хийсэн, өөрөө удирдах ёс, нутгийн удирдлагын тогтолцоог бататгаж, Үндсэн хуулийн хяналтыг шинээр тогтоосон манай орны нийгмийн амьдралыг зохицуулагч суурь хууль билээ.

      Энэхүү Үндсэн хуулийг батлахдаа түүний агуулга, үзэл санаа, үндсэн бүтцийг хамгаалах, чингэхдээ Үндсэн хуулийн маргааныг хянан хэлэлцэж, эцсийн шийдвэр гаргах бүрэн эрх бүхий Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болох Үндсэн хуулийн хяналтын институц- Үндсэн хуулийн цэцийг буй болгосон юм.

        Үндсэн хуулийн цэц нь маргааныг Монгол Улсын Үндсэн хуулийн нэрийн өмнөөс эцэслэн шийдвэрлэж ирсэн бөгөөд Үндсэн хуулийн үндсэн зарчим, суурь үзэл баримтлал, эрхэм зорилго, ардчиллын үнэт зүйл, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хууль дээдлэх ёс, Үндсэн хуульт ёсны соёлыг нийгэмд төлөвшүүлэн хөгжүүлэх үйлсэд бодитой хувь нэмэр оруулах нийгмийн үүрэг хүлээсэн байдаг. 

      Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийг 2021-2023 онд даргалж байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улс дахь Үндсэн хуульт ёсны хөгжлийн түвшинг дэлхий дахинаа хүлээн зөвшөөрсөн хэрэг билээ.

       Үндсэн хуулийн цэцийн гишүүд, үндсэн хуульт ёсыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулан, мөр зэрэгцэн ажиллаж буй хамтран зүтгэгч нартаа болон Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэгч түмэн олондоо Монгол Улсад ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 31 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж байна.

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН
ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДАРГА
Н.ЧИНБАТ