Н.Чинбат: “Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчлэлийн үйл явцад энэ хурал ач холбогдол үзүүлэх нь дамжиггүй”

“Үндсэн хуулийн болон захиргааны эрх зүйн суурь асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний IV бага хурал 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр МУИС-ийн номын сангийн байранд боллоо.

Тус хуралд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат оролцож үг хэлэхдээ, “Үндсэн хуулийн хяналттай холбоотой сэдвээр харилцан ярилцах өргөн боломж гарч байгаа”-г дурдаад “энэ нь Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчлэл явагдаж буй цаг хугацаатай давхцаж байгаад олзуурхаж байгаагийн хамт хуралд хэлэлцүүлэх илтгэлүүд тус хуулийн шинэчлэлийн үйл явцад ач холбогдол үзүүлэх нь дамжиггүй юм” гэдгийг онцлон тэмдэглэв.

Энэхүү ээлжит олон улсын хурлаар төрийн бүтэц, эрх мэдлийн хуваарилалт, Үндсэн хуулийн хяналт, хүний эрх, захиргааны эрх зүй, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зэрэг өргөн сэдвүүдийг хамарсан нийт 24 илтгэл хэлэлцүүлсэн байна. Уг хуралд Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Баясгалан “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хяналт: Монголын туршлагаар авч үзэх нь” сэдэвт илтгэл, бусад оролцогчдоос “Үндсэн хуулийн эрх зүй, Үндсэн хуулийн хяналтын өнөөгийн тулгамдсан асуудал” салбар хуралдааны үеэр “Монгол Улсад Үндсэн хуулийн хяналтын загварыг сонгосон нь”,  “Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрийн бусад шүүхэд үзүүлэх нөлөө”, “Сонгуулийн эрх ба Үндсэн хуулийн хяналт”, “Монгол Улсын Үндсэн хууль ба сонгуулийн тогтолцооны сонголт”, “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэр шүүхийн жишиг болгох нь: тэдгээрийн практикт хэрэгжүүлэх чиг үүрэг” зэрэг сэдвүүдээр онол, практикийн олон сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцүүлсэн байна.

Хурлыг  Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль санаачилж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц болон хууль зүйн салбарын 11  байгууллагатай хамтран зохион байгууллаа. Түүнээс гадна Япон, ХБНГУ, Канад, БНСУ, ОХУ, Унгар улсын төлөөлөгчид танхимаар болон цахимаар оролцов.