Монгол Улсын Үндсэн хуулийн цэц БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав.

2015 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэц БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхтэй Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн мэдээллийн системийг хөгжүүлэхэд хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулав. Санамж бичигт Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга Д.Баянбилэг, БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн Мэдээлэл, технологийн хорооны дарга бөгөөд тус Шүүхийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ким Жеон Хеон нар Үндсэн хуулийн цэцийн ордонд гарын үсэг зурлаа.

singing 2

Уг Санамж бичгийг хэрэгжүүлснээр БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн шилдэг туршлага болох цахим шүүхийн системийг Монгол Улсын  Үндсэн хуулийн цэцийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа, дотоод үйл ажиллагаанд нэвтрүүлэх бөгөөд энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийг чандлан сахиулах, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах үйл хэрэгт эерэг хувь нэмрээ оруулна хэмээн Талууд найдаж байна.

Мөн уг өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, академич Ж.Амарсанаа  БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн Мэдээлэл, технологийн хорооны дарга бөгөөд тус Шүүхийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ким Жеон Хеон болон бусад зочдыг Үндсэн хуулийн цэцийн уулзалтын танхимд хүлээн авч уулзсан болно.

huleen avch uulzlaa

Түүнчлэн, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн мэдээлэл, технологийн хамтын ажиллагааны хүрээнд 2015 оны 7 дугаар сарын 6-10-ны хооронд БНСУ-ын Үндсэн хуулийн шүүх, БНСУ-ын Засгийн газрын хэрэг эрхлэх болон Дотоод хэргийн яам, БНСУ-ын Үндэсний мэдээллийн агентлагийн мэдээлэл, технологийн мэргэжилтнүүд Үндсэн хуулийн цэцэд хүрэлцэн ирж БНСУ-ын цахим засаглалын ололт амжилт, БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн цахим шүүхийн системийн танилцуулга сэдвээр лекц уншиж, Монгол Улсын Үндсэн хуулийн шүүхийн үйл ажиллагаа, мэдээлэл, технологийн өнөөгийн төвшинтэй танилцлаа.