Монгол Улсын Үндсэн хуулийн цэц байгуулагдсаныхаа 30 жилийн ойн хүрээнд “Монгол Улсын Үндсэн хуулийн хөгжлийн товчоон”, “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн" нэртэй баримтат кино нийтлэлийн DVD хувилбарыг нийтийн хүртээл болгов.

Уг баримтат кино нийтлэлд, 1924, 1940, 1960 онд тус тус батлагдсан Үндсэн хуулиас гадна 1992 оны Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн талаар товчлон өгүүлсэн билээ.

Энэ баримтат кино нийтлэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн хөгжлийг товчлон харуулсан анхдагч бүтээлүүдийн нэг боллоо.

  

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц байгуулагдсаны 30 жилийн ойд

“Цэцийн хэлэлцэн гаргасан шийдвэр бол Монгол төрийн
гол бодлогод хамаардаг юм

/Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн анхны дарга, Монгол Улсын гавьяат хуульч, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Г.Совд агсны дурсамжаас/

Цэц цоо шинэ байгууллага учир манайхан үүрэг зорилгыг нь гүйцэд ойлгодоггүй байсан. Эхэн үедээ өргөдөлд ёстой дарагдсан даа. Ихэнх нь МАХН-ын Хянан шалгах хороонд өгдөг матаас маягийн бие биенээ ховлосон хувийн болон улс төрийн шинжтэй байх. Үүний зэрэгцээ Үндсэн хуультай холбоотой маргаан ч ирж байлаа. Анхных нь Сэлэнгэ аймгийн Ерөөгийн САА-н Бадарчийн өргөдөл, тэр Ардын Их Хурлын депутат байсан юм. Улсын Их Хурал орон нутгийн засаг захиргааны өөрчлөлтөд нутгийн иргэдийн санал аваагүй, асуудлыг буруу шийдсэн гэсэн байв. Энэ өргөдлийг гишүүн Н.Жанцан шалгасан. Эцсийн шийдвэр нь Улсын Их Хурлын тогтоолыг хүчингүй болгосон юм.

Цэцийн гишүүнд тусалдаг хүн байгаагүй, өргөдлөө өөрөө биечлэн шалгана. Аливаа асуудлыг чихээрээ сонсож, гараараа барьж хийдэг хүн бол Цэцийн гишүүн, шүүгч нар л байдаг. Үндсэн хууль нь манай төрийн улс төрийн бодлогын хамгийн гол зангилаа илэрхийлэл байдаг тул үүнтэй холбоотой маргаан улс төрөөс хөндий байдаггүй учир ийм асуудлаар эцсийн шийдвэр гаргах хариуцлагатай асуудал тавигдана. Асуудлыг шийдэх явцад заримдаа Цэц “улс төржсөн” шийдвэр гаргалаа гэж шүүмжлэх явдал гардаг. Цэцийн хэлэлцэн гаргасан шийдвэр бол монгол төрийн гол бодлогод хамаардаг юм. Намын улс төрийн бодлого биш шүү. Үндсэн хуулийн цэц хуулийг үндэслэж, шүүхийн аргаар шийдвэр гаргадагт асуудлын гол учир байгаа юм. Хуульд юу гэж заасан байна тэр ёсоор нь шийддэг онцлогтой. Цэцэд улс төрийн аргаар хэлэлцээр хийх, зөвшилцөх, харилцан буулт хийх ойлголт байдаггүй. Цэцэд ирсэн маргаан бүр шинэ, дахиж хандаж байсан тохиолдол үгүй, шийдэж чадаагүй яая даа гэсэн зүйл гарч байгаагүй.    


“Цааз эрхэмжийн онол, практикийн “тогоонд чанагдсан”
хууль цаазын нэрт зүтгэлтэн”

Хууль зүйн ухааны доктор, профессор Ж.Бямбаа “Г.Совд багш маань бичиг номын билэг танхай авьяастан төдийгүй зөн совинт, цэцэн мэргэн, хүн танихын увдистай нэгэн байж билээ”

Доктор, профессор О.Амархүү:

“Г.Совд багшийн шавь нараас түүхийн шинжлэх ухааны эрдэмтэн Ж.Болдбаатар, хууль зүйн ухааны эрдэмтэн С.Нарангэрэл, Ж.Амарсанаа гурав академич, И.Дашням, Т.Сэнгэдорж, О.Амархүү, Л.Баасан, Д.Лүндээжанцан, Н.Жанцан, Н.Лүндэндорж, С.Төмөр нарын хууль зүйн шинжлэх ухааны доктор 7, хууль зүйн ухааны буюу боловсролын доктор 20-иод хүн төрөн гарчээ.

Г.Совд багшийг томоохон судлаач эрдэмтэн гэдгийг дотоод, гадаадад сайн мэднэ. Тэр Монголын эрх зүйн сэтгэлгээг шинжлэх ухааны эргэлтэд оруулахад жинтэй хувь нэмэр оруулсан хүн.

Г.Совд багшийн шавь нараас хууль зүйн салбарт хөдөлмөр, бүтээл зүтгэл, алдар хүндээрээ бусдаасаа ялгаран тодорч төрийн эрхэм дээд шагнал-Монгол Улсын Гавьяат Хуульч цол хүртсэн 18 хүн бий. Г.Совд багшийн нөр их хөдөлмөр, зүтгэл, хувийн үлгэр жишээ, хүнлэг сайхан мөн чанар, сурган хүмүүжүүлэх авьяас чадвар, төлөв түвшин зан ааль, хувиршгүй ноён нуруу, ёс суртахууны эрхэм нандин дуурайлал зэрэг нь мартагдашгүй ач буянаа өгсний давхар давхар баталгаа гэж хэлэхэд эргэлзэх хүн гарахгүй.

Академич Ж.Болдбаатар: Г.Совд багш Монгол Улсын Үндсэн хууль (1992 он) батлагдсаны дараа Үндсэн хуулийн цэц байгуулахад анхны есөн гишүүний нэг болж, улмаар Цэцийн анхны даргаар сонгогджээ. Тэр бээр юуны өмнө Үндсэн хуулийн цэцийн чиг үүргийг тогтоосон Үндсэн хуулийн заалтын үндсэн дээр Үндсэн хуулийн цэцийн тухай хууль (1992 он), Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийг (1997) тус тус батлан мөрдүүлэхэд гол чухал үүрэг гүйцэтгэжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан, доктор, профессор Л.Баасан “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн анхны хамт олныг Хууль зүйн шинжлэх ухааны доктор, Монгол Улсын гавьяат хуульч, профессор Г.Совд удирдаж байсан нь Монгол Улсад Үндсэн хуулийн шүүхийг зөв гольдрилоор нь хөгжүүлэхэд ихээхэн нөлөөлсөн гэж би боддог.

Г.Совд дарга маань аливаа асуудалд олон талаас нь шинжлэх ухааны арга зүйд үндэслэн буурь суурьтай ханддаг, яарч бухимддаггүй, тэр бүрийд улс төржөөд байдаггүй, бусдыг дагалдан савсганадаггүй, уурлаж бухимддаггүй, олон хүүхдийн эцэг болсон сайхан хүн байсныг тэр үед хамт ажиллаж байсан журмын нөхөд, түүний олон мянган шавь нар нь сайн санаж байгаа даа. Энэ хүний нөр нөөлөг бидэнд асар ихээр нөлөөлж байсныг нэгэн баримтаар дурдахад таатай байна.

Эрдэм судлалын энэхүү халуун, сайхан ярианы явцад Г.Совд дарга маань баярласнаа илэрхийлэхийн ялдамд Баасангаасаа нэг зүйл асуумаар санагдав. Чи хариулаарай. Би хэдэн настай билээ хэмээх асуултыг асуусан. Энэ асуулт бол багш маань насаа хэлүүлэх гэсэндээ биш, би ийм насандаа их ажлын хажуугаар докторын бүтээл бичиж хамгааллаа, залуу та юу бодож байна гэсэн багшийн анхааруулга гэдгийг, асуултыг сонсонгуут би ойлгосон бөгөөд би багшаа ойлголоо гэж хачин хариу өгсөнд багш маань чи зөв ойлгосон биз, зөв ойлгосон бол хариулаарай гэж хэлээд инээмсэглэн суусныг одоогоор би тод санадаг юм.

Энэ үеэс эхлэн миний бие түр орхиод байсан эрдэм судлалын ажилдаа махран зүтгэж 1995 онд Хууль зүйн ухааны, 1999 онд Хууль зүйн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан нь Г.Совд даргын маань ухаант үгээр намайг хатган гижигдэж эрдэм судлалын ажилд маань эргэлт хийлгүүлсэнтэй холбоотой”.

Академич Ж.Болдбаатар: Г.Совд багш төр, нийгмийн зүтгэлтэн төдийгүй төр, эрх зүйн салбарын тэргүүлэх эрдэмтэн байсан юм. Тэрээр, 1973 онд Эрхүүгийн Улсын Их Сургуульд “БНМАУ-ын Эрүүгийн эрхийн тусгай ангийн онцлог” сэдвээр хууль зүйн ухааны дэд эрдэмтэн, 1992 онд МУИС-д “Эрүүгийн хариуцлага, уламжлал, шинэчлэлийн асуудал” сэдвээр хууль зүйн шинжлэх ухааны докторын зэргийг тус тус хамгаалжээ. Г.Совд багш дангаараа болон бусадтай хамтарч нэгэн сэдэвт зохиол, сурах бичиг, гарын авлага зэрэг 23 ном, судалгааны 70 гаруй өгүүлэл бичиг, олон улсын болон улсын хэмжээний эрдэм шинжилгээний бага хурал олон арван удаа илтгэл тавьж байв. Түүний хамгийн алдартай бүтээл нь 1965 онд хэвлүүлсэн “БНМАУ-ын Эрүүгийн эрх” (Тусгай анги) хэмээх сурах бичиг юм.

Энэ нь Монголын хууль зүйн шинжлэх ухааны салбар анхны бүрэн хэмжээний үндэсний сурах бичиг болой.

Г.Совд багш бас 2002 онд батлагдсан Монгол Улсын Эрүүгийн хуулийг амьдралд хэрэглэх, нэг мөр ойлгоход судлаачдад төдийгүй шүүх, прокурорын байгууллагын ажилтнуудад гарын авлага болохоор “Монгол Улсын Эрүүгийн хуулийн тайлбар” бүтээлийг туурвисан байна.

Тэр бээр Төр, эрх зүйн хүрээлэнгийн захирлын хувьд шинэ Үндсэн хуулийн төсөлд санал өгч байв. Үндсэн хууль батлагдсаны дараа “Монгол Улсын Үндсэн хуулийн тайлбар”, “Үндсэн хууль, хүний эрх”, “Үндэсний аюулгүй байдал ба хүний эрх” зэрэг бүтээлүүдээ гаргасан байна. Г.Совд багш бас Үндсэн хуулийн цэцийн хууль тогтоомжийг зөв ойлгож хэрэглэхэд туслалцаа үзүүлэх зорилгоор “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулиудын тайлбар”, “Үндсэн хуулийн зөвлөл ямар байх вэ?” зэрэг өгүүлэл бичиж байв.

Ш.Сүхбаатар: “Г.Совд багшийн бүтээлүүдийн гол шинж нь нийгмийн хөгжлийн шинэ үе шатанд эрхт зүйт төр, Үндсэн хуульт ёсыг дээдлэх гол арга хэрэгслийн нэг болж, Монголын төрийн түүхэнд анх удаа байгуулагдан ажиллаж байгаа Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагааны онол практикийн зам мөрийг эхлүүлэн тавьсан явдал юм. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хууль тогтоомжийг зөв ойлгож хэрэглэхэд туслалцаа үзүүлэх зорилгоор “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулиудын тайлбар”, “Үндсэн хуулийн зөвлөл ямар байх вэ” эрдэм шинжилгээний өгүүллийг бичсэн байна. Энэ бүхэн судлаачид, багш, оюутан төдийгүй төрийн түшээд, Үндсэн хуулийн соргог манаа Цэцийн гишүүдийн ширээний ном болжээ.”

 

 

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц байгуулагдсаны
 30 жилийн ойд зориулав.