Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болов

“Зүүн хойд Ази дахь Үндсэн хуулийн шүүх: Солонгос ба Монгол” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр МУИС-ийн Төв байрны дугуй танхимд зохион байгуулагдлаа.

Уг эрдэм шинжилгээний хурлыг МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн, ХЗДХЯ-ны харьяа Хууль зүйн үндэсний хүрээлэн, ОУУБИС-ийн Монгол-Солонгосын эрх зүйн хүрээлэн болон БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн судалгааны хүрээлэн тус тус хамтран зохион байгуулсан билээ.

Хурлын эхэнд ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг, БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн судалгааны хүрээлэнгийн захирал И Хон Хван нээж үг хэлэв.

Тус эрдэм шинжилгээний хурлыг МУИС-Хууль зүйн сургуулийн докторант, хуульч Н.Энхцэцэг даргалсан багөөд Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх, хууль зүйн доктор А.Бямбажаргал, МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн захирал, хууль зүйн доктор О.Мөнхсайхан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, хууль зүйн доктор Д.Гангабаатар, ОУУБИС-ийн Монгол-Солонгосын эрх зүйн хүрээлэнгийн захирал, хууль зүйн доктор О.Амарсанаа, БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн судалгааны хүрээлэнгийн захирал, хууль зүйн доктор, И Хон Хван, мөн судлаач, хууль зүйн доктор Хан Дун Хүн, Ажү Их сургуулийн профессор, хууль зүйн доктор Чон Гён Гин нар тус тусын илтгэлээ хэлэлцүүлж, оролцогчдын асуултад хариулав.

/эх сурвалж: МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн/