Цаашид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат Япон Улсын Нагояагийн Их сургуулийн дэд ерөнхийлөгч Норими Мизутани тэргүүтэй  төлөөлөгчдийг 2023 оны 10-дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат төлөөлөгчдөд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн бүрэн эрх, чиг үүрэг, Үндсэн хуулийн хяналтын онцлогийн талаар танилцуулав.

Японы Нагояагийн их сургууль эрх зүй, байгаль орчин, анагаах ухааны чиглэлээр  боловсон хүчин бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх, сургалт зохион байгуулах, Үндсэн хуулийн эрх зүйд  хамаарах асуудлаар судалгаа, шинжилгээний ажил хэрэгжүүлж ирсэн баялаг туршлагатай бөгөөд энэ чиглэлээр цаашид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх сонирхолтой байгаагаа төлөөлөгчид Үндсэн хуулийн цэцийн даргад илэрхийллээ.