“Монгол бахархлын өдөр” тохиож байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 4 дүгээр зарлигаар Эзэн богд Чингис хаан – Тэмүжиний мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон Шинжлэх ухааны Академийн өргөн барьсан  саналыг үндэслэн  билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр хэмээн тогтоож, Их хааны мэндэлсэн өдрийг “Монгол бахархлын өдөр” хэмээн нэрийдэж бүх нийтээр ёслон тэмдэглэж байхаар болсон билээ.
Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн нь энэ жилийн хувьд 11 дүгээр сарын 14-ний өдөр тохиож байна.

XIII зуунд Чингис хаан тархай, бутархай оршиж байсан монголчуудаа нэгтгэн Их Монгол улсыг байгуулаад зогссонгүй Евразийн тал нутагт оршин байсан улс орнуудыг байлдан дагуулж нэгтгэн Монголын эзэнт гүрнийг байгуулсан билээ.

Чингис хаан өрнө, дорныг холбосон Торгоны замыг сэргээж, аюулгүй байдлыг нь ханган, урьд өмнө байгаагүй өртөө, шуудан холбоог шинээр үүсгэн буй болгосон нь улс түмнүүдийн харилцан ойлголцож нэвтрэлцэх, ахуй, соёлын талаар бие биеэсээ суралцах, эдийн засаг, худалдаа, соёлын харилцаа холбоог өргөжүүлэхэд чухал  түлхэц үзүүлсэн юм.

АНУ-ын “Вашингтон Пост” сонин 1996 онд Чингис хааныг “Хоёрдугаар мянганы түүхэн хүн” хэмээн зарлаж, 2005 оны 11 дүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблей Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг дэлхий дахинаа тэмдэглэн өнгөрүүлэх талаар тусгай тогтоол гаргажээ. Энэ тогтоолд нүүдлийн соёл иргэншил нь худалдаа, арилжааны өргөн сүлжээг хөгжүүлж, захиргаа, соёл, шашин болон худалдааны томоохон төвийг байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэж тэмдэглэжээ. Уг тогтоолын дагуу ХБНГУ, Австри, Унгар зэрэг олон оронд “Чингис хаан ба эзэнт гүрэн” сэдэвт үзэсгэлэн, олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах зэргээр өргөн дэлгэр тэмдэглэсэн юм.

Монгол Улсад жил бүр их эзэн хааныхаа мэндэлсэн өдрийг тусгайлан тэмдэглэх болсон явдал нь Чингис хааны үйлсийг төдийгүй, монголчуудын түүх, соёлыг дэлхийд үнэн зөвөөр ойлгуулах, сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зэрэг ач холбогдолтой юм.

“Монгол бахархлын өдөр"-ийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай.

Мөн өдөр Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол болж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, чансаа өндөр хүчит бөхийн барилдаан болдог.