Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 112 жилийн ой тохиож байна

1911 оны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо сэргээн
зарлаж, VIII Богдыг шашин, төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилж түүнд төрийн тамга, төрийн далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газартай, тусгаар тогтносон Монгол Улсыг байгуулсан юм. Монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь төрт ёсны өнө эртний уламжлалтай Монголын ард түмний онцгой, бахархвал зохих түүхэн үйл явдал билээ. Энэхүү Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь Монголчуудын туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн олон арван жилийн мохошгүй хүсэл тэмүүлэл, тууштай тэмцлийн биелэл, үндэсний ухамсрын их сэргэлтийн эхлэл, 1921 оны Ардын хувьсгалын бодит хөрс болсон юм.   



                                          Богд хаант Монгол Улсын сүлд тэмдэг

Энэ түүхэн өдөр ноёд, лам, хар энгийн хүмүүс гээд бүх монголчууд тусгаар тогтнол, төр улсаа сэргээн тунхаглан зарлаж, Нийслэл Хүрээнд бурхны шашны тэргүүн Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын эзэн хаанаар өргөмжилсөн төрийн том ёслол болсон байна. Улсын цолыг Монгол, оны цолыг Олноо өргөгдсөн, Улсын нийслэлийг Нийслэл Хүрээ хэмээн нэрийдэж, Монгол үндэстний гал голомтыг сэргээн бадрааснаа дэлхий дахинд тунхаглан зарласан байна.



Богд хаант Монгол Улсын туг далбаа

VIII Богд Хааны зарлигаар Монгол төрийн далбаа нь төр, шашныг ариунаар мандуулах утга санааг илэрхийлсэн өнгө, хэлбэр, хэмжээ, бэлгэдлийн зүйлсийг агуулснаараа онцлог.

Энэ үед Хааны ордон, төрийн яам, зэрэг газрын дээр хийсгэх далбааг гурван ам буюу 3×1 харьцаатай (нэг ам нь 70х70 см) босоо дөрвөлжин хэлбэртэй байхаар зааж, шар торгоор урлаж, дээд доод болон ишний талыг улаан торгоор хөвөөлдөг байжээ. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын дараа Богд Хаант Монгол Улс байгуулагдаж, төрийн ёс дэг, ёслолыг цэгцэлж, үндэсний уламжлалт соёлыг тусгасан төрийн бэлгэдлийг хэрэглэх тухай зарлиг гарснаар энэ далбааг бүтээсэн байна.

Богд Хаант Монгол Улсын Төрийн далбааг 2004 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн Засгийн газрын 108 дугаар тогтоолоор “Хосгүй үнэт өв”-ийн жагсаалтад бүртгэсэн бөгөөд одоогоор Үндэсний түүхийн музейн хөмрөгт хадгалагддаг.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар 12 дугаар сарын 29-ний өдрийг бид Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр болгон нийтээр тэмдэглэж байна.