“Үндсэн хууль, Захиргаа, Эдийн засгийн эрх зүйн суурь асуудлууд” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний V бага хурал амжилттай боллоо

МУИС-ийн Хууль зүйн сургууль, Япон Улсын Нагояагийн Их  сургууль “Үндсэн хууль, Захиргаа, Эдийн засгийн эрх зүйн суурь асуудлууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний V бага хурлыг 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод хамтран зохион байгуулав.

 Уламжлал болсон  олон улсын энэ удаагийн бага хурлаар Үндсэн хууль, Захиргааны эрх зүйн суурь асуудлуудаас гадна эдийн засгийн эрх зүйд хамаарах өргөн хүрээний асуудлаар тавьсан илтгэлүүд, өрнүүлсэн хэлэлцүүлгийг англи хэл дээр зохион байгуулснаараа онцлог болсон байна.

Тухайлбал, “Монгол Улсын Үндсэн хууль дахь ёс суртахууны өгөгдөл”, “Шүүхийн бие даасан байдал (Япон улсын жишээн дээр)”, “Узбекистан Улс дахь өрсөлдөөний эрх зүй ба бодлого”, “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь дижиталчлал” зэрэг асуудлаар ХБНГУ, БНСУ, ОХУ, Узбекистан, Япон, Монгол Улсаас оролцсон нийт 13 илтгэгч өөрсдийн судалгаагаа танилцуулж хэлэлцүүллээ.

 Бага хуралд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Баясгалан, Д.Гангабаатар, Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга Д.Баянбилэг, Үндсэн хуулийн цэцийн Судалгааны төвийн захирал Р.Мухийт болон Тамгын газрын ажилтнуудын төлөөлөл  оролцлоо.

 Мөн Улсын Их Хурлын Тамгын газар, Улсын Дээд Шүүхийн дэргэдэх Шүүхийн сургалт, сурталчилгаа, мэдээллийн хүрээлэн, Хууль зүйн үндэсний хүрээлэн, МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн, Нагояагийн Их Сургуулийн докторын тэтгэлэгт хөтөлбөрийн институт (ASCI), Ханнс Зайделийн сан, Чимид сан, Легал дата компанийн төлөөлөгчид  оролцсон байна.

Эх сурвалж: МУИС-ЫН ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛЬ