УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуулийн цэцийн шинэ гишүүдэд үнэмлэхийг нь гардууллаа

Өнөөдөр /2023.11.17/ УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилогдсон Л.Өлзийсайхан, О.Мөнхсайхан, Э.Энхтуяа нарт үнэмлэхийг нь гардуулан өглөө.

Тэрбээр, “Та бүхэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулахаас эхлээд хэлэлцэн, батлах хүртэлх бүх үе шатанд оролцож явсан. Үндсэн хуулийн үзэл санаа, үнэт зүйлийг сахин хамгаалах, бэхжүүлэхэд хичээн ажиллана гэдэгт итгэж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр   зүйлд  “Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай  дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн” гэж тодорхойлсон.

 Үндсэн хуулийн Цэц төвийг сахисан, бие даасан, хараат бус байх ёстой. Энэхүү үүргээ ухамсарлаж, чин үнэнчээр ажиллах мэдлэг чадвар, ёс суртахуунтай, эрх зүйч, хуульчид томилогдсон гэдэгт итгэж байна. Цаашид Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулиа төгөлдөршүүлэн, хүний үндсэн эрхийг хамгаалах  эрх зүйн шинэчлэлийн эхлэлийг Та бүхэн тавьж байна гээд шинээр томилогдсон гишүүдэд амжилт хүслээ.

/эх сурвалж: Parliament.mn/