Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын албан хаагчид “Хуулийн төсөл боловсруулагчийн сургалт”-д хамрагдлаа

Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын Хуульчдын Холбоо, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран зохион байгуулсан хуулийн төслийн эх бичвэрийг хариуцан боловсруулдаг албан хаагчдыг мэргэшүүлэн бэлтгэж мэдлэг чадвар, арга барилыг дээшлүүлэх “Хуулийн төсөл боловсруулагчийн сургалт” 2023 оны 12 дугаар сарын 11-ээс 13-ны өдрүүдэд болж Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын албан хаагчид хамрагдав. Хууль боловсруулагчдыг бэлтгэх уг сургалт нь хууль санаачлах эрх бүхий субъектүүдээс гарч байгаа хуулийн төслүүдийг хэрхэн Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулах, энэ процессыг хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэхэд маш чухал ач холбогдолтой юм.

Хууль зүйн техникийн суурь мэдлэгийг бататгах, хуулийн төсөл боловсруулах арга зүй, ур чадварыг нэмэгдүүлэх, мэргэшүүлэх үндсэн зорилготой уг сургалт нь хууль бүтээх ажиллагаа, хуулийн төсөл боловсруулахад эрх зүйн рецепцийг ашиглах арга зүй, хууль тогтоомжийг системчлэх техник, хуульд тавих техникийн болон агуулгын шаардлага, хууль тогтоомжийн сан сэдвийн хүрээнд явагдлаа.

Хоёр дахь удаагаа зохион байгуулагдсан тус сургалтад Академич С.Нарангэрэл, доктор Н.Лүндэндорж, уг сургалтыг санаачлагч Үндсэн хуулийн цэцийн гишүүн, доктор Л.Өлзийсайхан болон Үндсэн хуулийн цэцийн гишүүн, доктор О.Мөнхсайхан зэрэг эрдэмтэн судлаачид хичээл зааж, сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлэв.

 Үндсэн хуулийн цэцийн Тамгын газар