Ё.Өнөборгил Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг монгол хэлнээ анх орчуулсан билээ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комисс Хүний эрхийн олон улсын өдөр, Хүний эрхийн түгээмэл Тунхаглал батлагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан хүний эрхийг хангах, хамгаалах, дэмжих үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан төрийн болон иргэний нийгэм, олон улсын байгууллагын зарим төлөөллийг шагнасан байна.  Тэдгээрийн дотор “Хүний эрхийн төлөө” хүндэт тэмдгээр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газарт олон жил ажилласан Ё.Өнөборгилыг шагнажээ.

Тэрээр 1989 онд Монголын Хуульчдын Холбооны нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа НҮБ-ын хүний эрхийн чухал баримт бичиг болох Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг монгол хэлнээ орчуулж тухайн үеийн Улсын Дээд шүүх, Монголын Хуульчдын Холбооны дарга Б.Чимид, Тэргүүлэгч гишүүн Т. Сэнгэдорж болон НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч М.Дүгэрсүрэн нараар хянуулсны дараа “Үнэн” сонинд нийтлүүлж олны хүртээл болгож байсан байна.