Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн үзсэн байна

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн Байнгын хорооны 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн  хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3.3 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай” Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцлээ.

Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд нэмсэн 29.3.3 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “… Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн байна. Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар хуралдаанд танилцуулав.

Монгол Улсын Их Хурлаас 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд “сүүлийн 6 хүртэл жилийн хугацаанд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд гишүүнээр ажиллаж байгаагүй.” гэсэн 29.3.3 дахь заалт нэмсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “… Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна хэмээн Үндсэн хуулийн цэц үзжээ.

Хуралдаанд оролцсон гишүүд Байнгын хорооны даргын танилцуулгатай холбогдуулан тодруулга хийх, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн бөгөөд санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн дэмжсэн. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

/эх сурвалж:Parliament.mn/