Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрлөө

Улсын Их Хурлын 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн чуулганы хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв.
Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Баясгалан уг дүгнэлтийг танилцуулсан. Уг дүгнэлтэд, Монгол Улсын Их Хурлаас 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд “сүүлийн 6 хүртэл жилийн хугацаанд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд гишүүнээр ажиллаж байгаагүй.” гэсэн 29.3.3 дахь заалт нэмсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “… Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна хэмээн үзсэнийг дурджээ.

Цэцийн дүгнэлтийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 82 дугаар зүйлд заасан журмын дагуу 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаараа Байнгын хороодууд хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл нар тус тус танилцуулав.

Тухайлбал, Монгол Улсын Их Хурлаас 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай 29 дүгээр зүйлд “сүүлийн 6 хүртэл жилийн хугацаанд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд гишүүнээр ажиллаж байгаагүй" гэж 29.3.3 дахь заалт нэмсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “… Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно." гэснийг тус тус зөрчсөн байна гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 01 дүгээр дүгнэлтийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн гэдгийг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулгадаа онцолж байлаа.

Мөн Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл санал, дүгнэлтдээ тодотгов.

Иймд Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн Байнгын хороодын саналаар нэг бүрчлэн санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн. Ингээд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн тул энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 69 хувь нь дэмжлээ.

/Эх сурвалж: www.parliament.mn/