Үндсэн хууль зөрчсөн гэж үзэв.

_DSC0403[1]
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаараа Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад “хувь тэнцүүлсэн /пропорциональ/;”, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно.” гэж заасан нь Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1, Хорин нэгдүгээр зүйлийн 2, 3, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

_DSC0393

Энэхүү хуралдаанаар Улсын Их Хурлын сонгуулийг хувь тэнцүүлсэн буюу пропорциональ хэлбэрээр явуулах боломжийг Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрөөгүй, харин аль нэг намд бус нэр дэвшигч иргэнд өөрт нь саналаа өгч Улсын Их Хурлын гишүүнийг сонгох үзэл баримтлалыг тогтоосон хэмээн Үндсэн хуулийн цэц үзээд Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтын хувь тэнцүүлсэн тогтолцоотой байх тухай заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийн Улсын Их Хурлын 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар сонгохоор заасан заалт нь Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2, 3 дахь хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн, харин Гуравдугаар зүйлийн 1, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчөөгүй байна хэмээн шийдвэрлэлээ.

_DSC0402
_DSC0412

Иймд Үндсэн хууль зөрчсөн Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтын “хувь тэнцүүлсэн /пропорциональ/;”, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийн “… 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар …” гэсэн заалтын үйлчлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлж, 2016 оны 05 дугаар дүгнэлтээ гаргалаа.

_DSC0441

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ