Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзэв

        Улсын Их Хурлын Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай” Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг тус тус хэлэлцэв.

        Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2020 оны арван хоёрдугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Гучдугаар зүйлийн 2, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх; мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалтыг; мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван есдүгээр зүйлийн 1, Гучдугаар зүйлийн 2, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ.
        Маргааныг хянан хэлэлцээд Улсын Их Хурлаас 2020 оны арван хоёрдугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль … бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг зөрчсөн байна хэмээн дүгнэлт гаргасан байна.


Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийг; мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван есдүгээр зүйлийн 1, Гучдугаар зүйлийн 2, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчөөгүй байна хэмээн дүгнэлт гаргасан байна.

        Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтын “… 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, … уугуул …”; мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийн “50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, … уугуул …” гэсэн заалтыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2021 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тус тус түдгэлзүүлсүгэй хэмээн шийдвэрлэжээ.

        Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцуулж, Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Ц.Мөнх-Оргил, Д.Ганбат, Ц.Сандаг-Очир, Ш.Раднаасэд, Л.Мөнхбаатар, Т.Доржханд нар асуулт асууж, хариулт авав.
        Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг анх өргөн мэдүүлэхдээ Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төсөлд дээрх заалтыг нь 2025 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгасан байсан ч хэлэлцүүлгийн явцад эл заалтыг хассан гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил тэмдэглэн хэллээ. Энэ заалтыг хассанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс дагаж мөрдөж байна. Тодруулбал, Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаатай, нэг удаа сонгохоор болсон учраас Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авах нь зүйтэй гэдэг байр суурийг тэрбээр илэрхийлсэн. Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, бүх шатандаа хууль дээдлэх зарчмыг хангаж ажиллах ёстойг тэмдэглэж, Үндсэн хуулийн цэцийн 2021 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн дунд суудлын хуралдааны үйл явцын талаар тодруулга хийсэн.
Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг батлахдаа Ерөнхийлөгчөөс санал авсан эсэхийг, мөн Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагааны зарчмыг нарийвчилж, тодорхой болгох шаардлагын талаар байр сууриа илэрхийллээ. Гишүүд ийнхүү асуулт асууж, хариулт авсны дараа Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Ц.Мөнхцэцэг, Т.Доржханд, Д.Ганбат нар үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаа нь төвийг сахих, бие даасан, ил тод байх үндсэн зарчимтай бөгөөд үүнийг нь хангахад анхаарах, аливаа үйл ажиллагаа, шийдвэрээ бие даасан, хараат бусаар гаргах бололцоог бүрдүүлэхэд анхаарах нь зүйтэй гэдгийг хэлж байв. Ц.Мөнхцэцэг гишүүн “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн” гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг онцлон дурдаад, Улсын Их Хурал дээрх дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн юм.

         Ийнхүү гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явууллаа. Монгол Улсын Их Хурлаас 2020 оны арван хоёрдугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал,… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг зөрчсөн байна гэснийг хүлээх зөвшөөрөх нь зүйтэй хэмээн хуралдаанд оролцсон 16 гишүүний олонх нь дэмжив.
        Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэж заасныг зөрчсөн байна гэснийг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль … бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг зөрчсөн байна гэснийг тус тус хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
        Монгол Улсын Их Хурлаас 2020 оны арван хоёрдугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг зөрчсөн байна гэснийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон 16 гишүүний 11 нь дэмжсэн. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал,… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг зөрчсөн байна гэснийг, Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэж заасныг зөрчсөн байна гэснийг, Монгол Улсын Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль … бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

/эх сурвалж:parliament.mn/

Uncategorized