2022-11-01

“Үндсэн хуулийн хяналтыг боловсронгуй болгох нь” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Үндсэн хуулийн цэц, Монгол Улсын Их Сургууль хамтран “Үндсэн хуулийн хяналтыг боловсронгуй болгох нь” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг  2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр зохион байгууллаа. Улсын Их Хурлын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн гишүүд, хуульчид, эрдэмтэн судлаачид оролцсон энэхүү эрдэм шинжилгээний бага хурлын чиглүүлэгчээр Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил ажилласан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар нээж үг хэлэв. 

Монгол Улс 1992 онд нийгэм, улс төрийн шинэ тогтолцоонд шилжиж ирээдүйг харсан, хүрэхийг хүсэмжилсэн зорилтоо Үндсэн хуульдаа тунхагласан гэдгийг тэрбээр тэмдэглээд, ардчилал зах зээлийн нийгэмд шилжсэнтэй холбоотой нийгмийн харилцааны суурь хуулиудыг шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэхийн сацуу нийгмийн хөгжлийн чиг хандлагыг тусган батлах шаардлага үүссэн гэдгийг дурдав. Энэхүү хууль зүйн болон практик шаардлагын хүрээнд 1992 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийг анхлан шинэчлэн баталсан хэдий ч бусад салбар эрх зүйтэй харьцуулахад Үндсэн хуулийн хяналтын асуудлаар эрх зүйн дорвитой өөрчлөлт, шинэчлэл хийж чадалгүй өнөөдрийг хүрсэн гэв. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлаас 1992 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийг баталсан бөгөөд анх 23 зүйлтэй хуулийг батлаж байсан. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд 10 удаа нэмэлт, өөрчлөлт оруулж өнөөдрийн байдлаар 12 зүйл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бол Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай 36 зүйлтэй хуулийг 1997 оны 05 дугаар сарын 01-ний өдөр баталж өнгөрсөн хугацаанд 6 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. 

Үндсэн хууль нь улс орны нийгэм, эдийн засаг, төрийн байгууллын үндсийг тодорхойлох төдийгүй, түүнд аливаа хууль, зарлиг, шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байхыг шаарддагаараа дээд хүчин чадалтай хууль гэдгийг Л.Мөнхбаатар гишүүн цохон тэмдэглэв. Үүнээс гадна Үндсэн хуулийг дээд хүчин чадалтай байлгах нэг гол шинж, нөгөө талаас хөшүүрэг нь Үндсэн хуулийн хяналт гэдгийг хэллээ. Үндсэн хууль зөрчигдөхөөс хамгаалагдсан байх, хууль тогтоох байгууллага, төрийн гүйцэтгэх дээд байгууллага, шүүх эрх мэдлийн байгууллага, албан тушаалтнууд Үндсэн хууль зөрчихөөс сэргийлэх, зөрчлийг арилгах хэлбэрээр Үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлдэг байх нь Үндсэн хуульт ёсонд нийцэх гэдгийг тэрбээр дурдаад “Сүүлийн жилүүдэд улс төрчид, судлаачид, иргэд, олон нийтийн зүгээс Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, Үндсэн хуулийн хяналтын үйл ажиллагаа нь улс төрөөс хараат бус байж чадаж байгаа эсэх, Үндсэн хуулийн хяналтын хүрээг бүрэн тодорхойлсон эсэх, маргааныг хянан шийдвэрлэх процессыг илүү сайжруулах шаардлагын талаар гэх мэт асуудлуудаар үзэл бодол, байр сууриа илэрхийлсээр ирлээ. Үндсэн хуулийн цэцээс Улсын Их Хурал, Засгийн газар, шүүх эрх мэдлийн хүрээнд гарсан маргаан, тодорхой асуудлыг шийдвэрлэж байгаа байдал, эсхүл Цэцийн гишүүдийн томилгоо зэрэг нь зарим тохиолдолд Үндсэн хуулийн цэц улс төржлөө, улс төрөөс хараат боллоо гэх мэт шүүмжийг дагуулдаг. 

Үндсэн хуулийн хяналт нь эрх зүйн болон улс төрийн агуулгатай гэдгийг судлаачид хүлээн зөвшөөрдөг. Хяналтад байгаа субъектүүд, хяналтад хамаарах шийдвэр болон үүсэх маргааны агуулга нь зөвхөн эрх зүйн төдийгүй зарим тохиолдолд улс төрийн үр дагавар үүсгэдэг. Гэхдээ энэ нь Үндсэн хуулийн цэц “улстөржсөн шийдвэр” гаргахыг дэмжиж байгаа хэрэг огт биш бөгөөд тэд харин ч улс төрийн хувьд  мэдрэг биш байр суурь баримтлах ёстойг илэрхийлж байгаа юм” гэлээ. Энэ мэт практик болон бусад шаардлага Монгол Улс дахь Үндсэн хуулийн хяналтыг илүү боловсронгуй болгох арга замыг эрэлхийлэх, судлах, хэлэлцэх нөхцөлийг бий болгоод байгааг мөн онцолсон. 

   Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл” -д Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулиудын шинэчилсэн найруулгыг өргөн мэдүүлэхээр тусгасан бөгөөд өнөөдрийн эрдэм шинжилгээний хурал ч үүнтэй холбоотой гэж хэлж болно хэмээн Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар хэлсэн. 

   Монгол Улсад Үндсэн хуулийн хяналтын одоогийн тогтолцоо үүсээд 30 жил болсон бөгөөд энэхүү туршлага, бусад орны Үндсэн хуулийн хяналтын хөгжлийн чиг хандлагыг харгалзан Монгол Улс дахь Үндсэн хуулийн хяналтыг боловсронгуй болгох асуудлыг дэвшүүлэн ярих нь хууль дээдлэх ёсыг бэхжүүлж, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх үйлсэд чухал ач холбогдолтой гэдгийг тэрбээр онцлоод “Энэ эрдэм шинжилгээний хурал нь Үндсэн хуулийн хяналтын хөгжлийн цаашдын чиг хандлага-өөрчлөлтийг зөв тодорхойлох, тал талын төлөөлөл харилцан байр сууриа ойлголцох, нэгдсэн  ойлголтод хүргэхэд чухал ач холбогдолтой. Та бүхэн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, Үндсэн хуулийн хяналтыг боловсронгуй болгох ажилд үнэтэй хувь нэмрээ оруулахыг хүсье” гэлээ. 

Дараа нь Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг үг хэлсэн. Үндсэн хуулийг батлахдаа энэхүү хуулийг хамгаалах, түүний биелэлтэд дээд хяналт тавих Үндсэн хуулийн шүүхийг Үндсэн хуулийн цэц нэртэйгээр байгуулсан. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулиудыг баталж, хэрэгжүүлэн 25-30 жил болж байгаа бөгөөд тэдгээрийг Үндсэн хуулийн суурь зарчим, нийгмийн өөрчлөлт, олон улсын жишиг, эрх зүйн шинэтгэлийн чиг хандлагатай нийцүүлэн боловсронгуй болгох шаардлага үүссэн гэдгийг цохон тэмдэглэв. Эрдэм шинжилгээний хурлын явцад гарсан санал, зөвлөмжүүд дээрх эрх зүйн орчны шинэтгэл, хуулиудыг боловсронгуй болгоход үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн. 

Эрдэм шинжилгээний хурлын чиглүүлэгч Ц.Мөнх-Оргил хурлын эхэнд  Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 22 дугаар тогтоолоороо Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан талаарх мэдээллийг дурдав. Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил ахлан, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг, Ж.Батсуурь, С.Бямбацогт, Ц.Сандаг-Очир, Б.Энхбаяр, Н.Энхболд нар ажиллаж байгаа юм. Түүнчлэн ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэхээр эрдэмтэн судлаачид, мэргэжлийн хүмүүс ажиллаж байгааг тэрбээр танилцуулсан.

 МУИС-ийн Хууль зүйн сургуулийн гэрээт профессор, хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D.) Ц.Сарантуяа “Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуулийн цэц хянах эсэх асуудал” сэдэвт илтгэл танилцуулсан. Эхлээд тэрбээр Үндсэн хуульдаа нийцээгүй нэмэлт, өөрчлөлтийн талаарх хууль зүйн шинжлэх ухааны тайлбар, мэдээллийг өгөв. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажиллагаа нь бүхэлдээ, тэр дундаа Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуульд нийцсэн байх ёстой гэдэг зарчмыг доктор, профессор Ц.Сарантуяа илтгэлдээ онцоллоо. Үндсэн хуулийг зөвхөн Үндсэн хууль тогтоогчид батлах бөгөөд байнгын ажиллагаатай парламент нь гагцхүү түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах боломжтой гэдгийг тайлбарласан юм. Ц.Сарантуяа доктор үргэлжлүүлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт Үндсэн хуулийн нэгэн адил хүчинтэй байна” гэж заасан байдгийг онцлоод холбогдох тайлбарыг дэлгэрэнгүй хийсэн юм. Үндсэн хуулийн шүүх аливаа шийдвэр, тэр дундаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаарх шийдвэрийг хянахдаа хэлбэрийн болон агуулгын хяналт хийдэг байна. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 1999-2015 онд хэлбэрийн хяналт буюу Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журам зөрчигдсөн эсэхийг хянаж байсан бол 2020, 2022 онуудад агуулгын хяналт хийсэн гэдэг байр суурийг илэрхийлж, холбогдох тайлбарыг хийсэн. 

 “Үндсэн хуулийн хяналтын объектыг сайжруулах арга зам” сэдэвт илтгэлийг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн зөвлөх профессор, хууль зүйн доктор (Ph.D.) Х.Сэлэнгэ танилцууллаа. 

   Монгол Улсын Үндсэн хуулийн хяналтын объект, хэлбэр нь Үндсэн хуулийн процессын эрх зүйн хувьд харьцангуй тогтсон ойлголт байхаас гадна улс орнуудад хэрэгжиж байгаа гэв. Словенийн эрдэмтэн доктор, профессор Арне Мавчич “Үндсэн хуулийн хяналт” бүтээлийн “Үндсэн хуулийн хяналтын объект ба субъект” гэсэн Х бүлэгт Үндсэн хуулийн хяналтын объектыг 25 объектоор тодорхойлсон байдаг байна. Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд хяналтын объектыг заасан боловч хяналтын хэлбэрийг заагаагүй байдаг байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт, мөн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 8.3 дахь заалтад Үндсэн хуулийн цэцийн хяналтын объектыг тодорхойлсон байдаг байна. Үүн дээр Хүний эрхийг хамгаалах асуудал (Үндсэн хуулийн гомдол), шүүхийн шийдвэр, тайлбар зэрэг объектыг нэмэх шаардлагатай хэмээн үзэж, холбогдох тайлбарыг хийсэн. 

 МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн захирал, Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.Мөнхсайхан “Үндсэн эрхийн маргаан: олон улсын сайн туршлага ба Монгол”, “Легалдата” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Т.Алтангэрэл “Үндсэн эрхийн маргаан шийдвэрлэх нь: ХБНГУ-ын туршлага” сэдэвт илтгэлүүдийг танилцуулав. Эрх нь зөрчигдсөн иргэн шүүхэд хандах зэрэг шүүхийн ерөнхий арга хэрэгслээр эрхээ хамгаалуулж чадаагүй тохиолдолд Үндсэн хуулийн шүүхэд хандан эрхээ хамгаалуулах боломжтой байдаг аж. Үндсэн хуулийн гомдол нь иж бүрэн, хэм хэмжээний гэсэн хоёр төрөл байдгийг доктор, профессор О.Мөнхсайхан танилцуулаад “Тухайн шүүхийн шийдвэр эсвэл захиргааны акт болон түүний тулгуурлаж байгаа хэм хэмжээ нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянадаг гомдолын төрөл бөгөөд ХБНГУ тэргүүтэй 20 орчим улсад хэрэгждэг. Венецийн комисс болон энэ чиглэлийн бүтээлүүдэд Үндсэн хуулийн бүрэн гомдлыг хэрэгжүүлж байж Үндсэн хуулиар хамгаалсан бүрэн эрхийн баталгаа бүрдэнэ гэдэг байр суурь давамгайлдаг” гэв. Үргэлжлүүлэн тэрбээр олон улсын сайн туршлагын талаар дэлгэрэнгүй танилцуулж, үндсэн эрхийн гомдлыг хүлээн авах шалгуур, хянан шалгах явц болон Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйл, тус зүйлд дурдагдсан “… иргэдийн өргөдөл, мэдээллийн …”, “…хүсэлтээр…" гэх томьёоллын агуулгын талаар, маргааныг хянан шийдвэрлэх үйл явцын талаар тайлбар мэдээллийг дэлгэрэнгүй хийсэн юм. 

ХБНГУ-ын Үндсэн хуулийн шүүх нь 2 Сенаттай, тус бүр 8 шүүгчтэй, нийт 16 шүүгч ажилладаг байна. I Сенат төр иргэний харилцаа, II Сенат нь төрийн байгууллагын маргаанаар шийдвэрлэдэг байна. Тус шүүхийн 1951-2020 оны тоон мэдээллээр жилд үндсэн эрхийн маргаан нийт маргааны 70-90 хувийг эзэлдэг бөгөөд үндсэн эрхийн маргааны 3 хувийг хангаж шийдвэрлэсэн байдаг байна. Үндсэн хуулийн шүүх нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн бүх шийдвэрийг Үндсэн хуулийн агуулгаар хянах; эрүү, захиргаа, иргэний шүүхийн эцэслэн шийдвэрлэсэн бүх шийдвэрийг үндсэн хуулийн эрх зүйн агуулгаар нь хянах бүрэн эрхтэй байдаг бөгөөд иргэн бүр үндсэн эрхийн зөрчлийн гомдол гаргах эрхтэй байдаг байна. Үргэлжлүүлэн Т.Алтангэрэл судлаач ХБНГУ-ын Үндсэн хуулийн шүүхийн үйл ажиллагаа, маргаан хянан шийдвэрлэх явцын талаар дэлгэрэнгүй танилцуулсан.  

 “Үндсэн хуулийн хяналтыг боловсронгуй болгох нь” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Баясгалангийн танилцуулсан “Монгол Улсын Үндсэн хуулийн процессын эрх зүйн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт илтгэлээр үргэлжиллээ.

 “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж буй асуудал (эрх зүйн зохицуулалтын хүрээнд)” сэдэвт илтгэлийг Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын Хууль зүйн газрын дарга Н.Болортунгалаг танилцуулсан. 

Төгсгөлд нь “Монгол Улсын Үндсэн хуулийн үнэт зүйл, үзэл санаа, зарчмыг бэхжүүлэхэд Үндсэн хуулийн цэцийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлага” сэдэвт илтгэлийг Монголын хуульчдын холбооны Үндсэн хуулийн эрх зүйн хорооны дарга, доктор В. Удвал танилцуулав.

Ийнхүү илтгэлүүд танилцуулсны дараа эрдэм шинжилгээний хуралд оролцогчид Үндсэн хуулийн хяналтыг боловсронгуй болгох сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Үүгээр Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Үндсэн хуулийн цэц, Монгол Улсын Их Сургууль хамтран зохион байгуулсан эрдэм шинжилгээний бага хурал өндөрлөлөө.

Эх сурвалж: www.parliament.mn