2024-12-04

Б.Чимидийн “Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс” номын уншлагыг зохион байгууллаа

 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс санаачлан Монгол Улсын Их Сургуулийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн, Б.Чимид сантай хамтран Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 100 жилийн ой, Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч,  Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн мэндэлсний 90 насны ойг тохиолдуулан өнөөдөр /2024.11.29/ түүний “Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс” номын уншлагыг анх удаа зохион байгууллаа.

Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан нээж хэлсэн үгэндээ, “Уг бүтээлд “Үндсэн хууль дээдлэх үзэл, дадлыг нийт иргэн, төрийн албан хаагч, улстөрчид, залуу үеийнхэнд итгэл үнэмшил, дадал зуршил болгон төлөвшүүлэхэд зориуд анхаарал тавьж, төрийн бодлогын түвшинд зохих шийдвэрийг гарган хэрэгжүүлбэл, ардчиллын үнэт зүйлсийг ард түмний хүртээл болгож, шинэтгэлийг гүнзгийрүүлэхэд чухал тус үзүүлнэ гэсэн байдаг” гээд түүний оюуны өвийг түгээн дэлгэрүүлэх, нийтэд тайлбарлан таниулах, гол үзэл санааг мөн чанараар нь хойч үедээ ойлгуулан уламжлуулах, судалгааны эргэлтэд оруулах зорилгоор энэхүү уншлагын арга хэмжээг анх удаа зохион байгуулж буйг онцлон тэмдэглэв. Мөн Үндсэн хуулийн цэц цаашид “Чимидийн уншлага”-ыг жил бүр зохион байгуулахаар болсноо илэрхийлэв.

       Доктор, профессор Б.Баярсайхан “Үндсэн хуулийн хөгжлийг шинэ хандлагаар судлах нь”, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, доктор, профессор Д.Гангабаатар “Шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлал бүрэлдэн тогтсон тухайд”, доктор, профессор Х.Сэлэнгэ “Үндсэн хуулийн үзэл баримтлалын хураангуй”, Үндсэн хуулийн цэцийн гишүүн доктор, профессор О.Мөнхсайхан “Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс” сэдвээр тус тус үндсэн илтгэл тавьж хэлэлцүүлж, үндсэн илтгэлтэй холбогдуулан 20 гаруй эрдэмтэн судлаачид санал, дүгнэлтээ танилцууллаа.

Тус арга хэмжээний фото зураг