Үндсэн хуулийн цэц видео архив бүрдүүлж эхлэв

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газраас эрхлэн “Дурсамж бүтээсэн он жилүүд” төслийг  хэрэгжүүлж байна.

Төслийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэц үүсэл, хөгжлийнхөө 30 гаруй жилийн хугацаанд бий болгосон арвин баялаг түүхээ бодитой үнэлж, дүгнэхийн сацуу Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих бүрэн эрхээ, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаагаа хэрхэн ханган хэрэгжүүлж ирсэн, Цэцийн шийдвэрийн үнэ цэнэ, ач холбогдол нь юунд оршиж байдаг, гадаадын ижил төрлийн байгууллагуудтай харилцаа, хамтын ажиллагааг хэрхэн хөгжүүлж ирсэн зэрэг үйл баримтыг,  Үндсэн хуулийн цэцийн үе үеийн гишүүд, дарга нар, Тамгын газрын  ахмад ажилтнуудын  дурсамжийг  эмхэтгэн  нэгтгэж, архивлан үлдээх явдал юм.

Энэхүү түүх шингэсэн, сэтгэлд хоногшин үлдэх дурсамжийг байгууллагын анхны шанг нь таталцсан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн анхны гишүүдийн нэг, орлогч дарга, даргаар олон жил ажилласан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат хуульч Н.Жанцангийн ярилцлагаар эхлүүлсэн байна.

Мөн өнгөрсөн түүхийг хамт бүтээлцсэн Цэцийн хуралдааны анхны нарийн бичгийн дарга, гишүүдийн анхны туслах, гадаад харилцаа хариуцсан анхны ажилтан зэрэгтэй биечлэн уулзаж, Цэцийн Тамгын газрын түүхийг аль болох түлхүү оруулахыг хичээсэн байна.


Төсөлд, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, даргаар ажиллаж байсан, Тамгын газрын анхны ажилтнууд зэрэг 30 орчим эрхмүүдээс ярилцлага авч оруулсан.

Баримтат дүрс, бодит дурсамж яриа бүхий энэ төслийг цаашид үргэлжлүүлэх бөгөөд ингэснээр Үндсэн хуулийн цэцийн цахим-видео архивыг улам баяжуулан арвижуулах юм.