Шүүхийн үндэсний төв, сургалт, судалгааны хүрээлэнгүүдийн харилцаа, хамтын ажиллагаа чухал ач холбогдолтойг болохыг онцлон тэмдэглэв

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Эрдэнэбулган, Д.Гангабаатар, О.Мөнхсайхан нар Япон Улсын Хууль зүйн яамны харьяа Судалгаа, сургалтын хүрээлэнгийн Олон улсын хамтын ажиллагааны газрын захирал Шинтаро Найто тэргүүтэй төлөөлөгчдийг 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Цэцийн ордонд хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Эрдэнэбулган байгууллагынхаа бүрэн эрх, чиг үүрэг болон Үндсэн хуулийн хяналтын онцлогийн талаар зочдод танилцуулж, хоёр улсын шүүх эрх мэдлийг бэхжүүлэхэд, тухайлбал, шүүх хоорондын болон түүний Тамгын газар, шүүхийн үндэсний төв, сургалт, судалгааны хүрээлэнгүүдийн харилцаа, хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэв.

Мөн Үндсэн хуулийн эрх зүйн онолын хөгжлийн асуудлаар судалгаа, шинжилгээ хийх, түүнийг хөхиүлэн дэмжих, мэдээлэл, эрдэмтэн судлаачдыг харилцан солилцох зэргээр харилцааг улам хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Японы төлөөлөгчид Монгол Улсад хийж буй ажлын айлчлалынхаа зорилгын талаар танилцуулахдаа, Монгол Улстай хууль зүйн салбарт хамтын ажиллагаагаа улам хөгжүүлэх талаар холбогдох байгууллагуудтай санал солилцох, зарим хуулийн төсөл боловсруулахад дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий хамтарсан судалгааны хэрэгжилтийн талаар зөвлөлдөх, зарим хууль тогтоомжийн төслийн талаар хэлэлцүүлэг хийх зэрэг ажлаар Монгол Улсад хүрэлцэн ирсэн гэлээ.