Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Судалгааны төвийн судлаач, доктор С.Сүхчулуун “Монгол Улсын хүрээлэн буй орчны процессын эрх зүйн хөгжлийн чиг хандлага, тулгамдаж буй асуудал” сэдвээр танилцуулга хийлээ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Судалгааны төвөөс Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын нийт албан хаагч, боловсон хүчнийг чадавхжуулах зорилгын хүрээнд олон чиглэлээр дотоод сургалтыг тогтмол зохион байгуулдаг билээ. 2024.02.29-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Судалгааны төвийн ахлах судлаач, доктор С.Сүхчулуун “Монгол Улсын хүрээлэн буй орчны процессын эрх зүйн хөгжлийн чиг хандлага ба тулгамдаж буй асуудал–Монгол Улс, Япон Улс, Аархусын конвенцын харьцуулсан судалгаа–” сэдвээр танилцуулга хийж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Тэрээр 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Япон Улсын Нагояа Их Сургуулийн Хууль зүйн сургуульд тус сэдвээр хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан билээ.

Сэдвийн хүрээнд Монгол Улсын хувьд нэн тулгамдсан асуудлын нэг болох уул уурхайн үйл ажиллагаанаас шалтгаалсан бэлчээрийн доройтол, гол мөрний бохирдол зэрэг байгаль орчны бохирдолтой холбоотой асуудал үүссэн тохиолдолд иргэн, тэр дундаа нутгийн иргэд өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг иргэний болон захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган зөрчигдсөн эрхээ сэргээн тогтоолгох боломжийг хэрхэн өргөжүүлэх талаар; түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах тогтолцоог төгөлдөржүүлэх хэрэгцээ, шаардлагын талаар Японы туршлага болон Аархусын конвенцтой харьцуулан судалсны үр дүнг танилцуулсан.  

Мөн Япон Улсын Нагояа Их Сургуулийн Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны докторын хөтөлбөрт суралцаж байх хугацаанд өөрийн сурч мэдсэн судалгааны арга зүй, судалгааны бүтээл бичихэд үүссэн хүндрэл, бэрхшээл зэргийн талаар оролцсон нийт албан хаагч нарт мэдээлэл өгч, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Судлаач С.Сүхчулууны докторын судалгааны ажлыг Нагояа Их Сургуулийн бүтээлийн судалгааны цахим сангаас япон хэл дээр https://nagoya.repo.nii.ac.jp/records/2008099 холбоосоор уншиж танилцах боломжтой.