Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно

            Нэр бүхий иргэнээс Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр баталсан Цагдаагийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт түр саатуулах дээд хугацааг 6 цаг байхаар заасан атлаа мөн зүйлийн 26.2 дахь хэсэгт тус хугацааг түр саатуулах байранд хүргэснээс эхлэн тооцохоор зохицуулж, уг байранд хүргэх хугацааны хязгаарыг хуульчлаагүйн улмаас 6 цагаас илүү хугацаанд буюу хэт урт хугацаанд түр саатуулах, түр саатуулахыг журамласан зохицуулалт үйлчлэхгүй байх нөхцөлийг үүсгэсэн нь Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн гэж мэдээлэл ирүүлсэн байна.

Иймээс энэхүү мэдээллийн дагуу Цагдаагийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 26.1-д заасан хугацааг түр саатуулах байранд хүргэснээс эхлэн тооцно” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13-т “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно …” гэж, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасныг тус тус зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн байна

Уг маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр  хийхээр товлогдлоо.