Хуульчийн эрх зүйн байдлын тухай болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл, заалтыг хүчингүй болгов.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Их суудлын хуралдаанаараа Хуульчийн эрх зүйн байдлын тухай болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянан үзэж, эцэслэн шийдвэрлэлээ.

Үндсэн хуулийн цэцийн уг хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.2, 65.3, 65.4; Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийн холбогдох зохицуулалтаар Хуульчийн мэргэжлийн хариуцлагын хорооноос гаргасан шийдвэр анхан шатны журмаар маргааныг шийдвэрлэсэн шийдвэрт тооцогдох, шүүх эрх мэдлийг шүүх бус өөр байгууллага хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, улмаар Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлэх, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглосон заалтыг зөрчсөн гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 09 дүгээр дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэн холбогдох заалтыг тус тус хүчингүй болгож, 08 дугаар тогтоол гаргав.

Мөн Цэцийн уг тогтоолоор Монгол Улсын Их Хурлын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 09 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн  56 дугаар тогтоолыг хүчингүй болголоо.

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ

Random Posts