“ҮНДСЭН ХУУЛИЙН ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ:ТУЛГАМДСАН АСУУДАЛ, ИРЭЭДҮЙН ТӨЛӨВ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН БАГА ХУРЛЫГ 2017 ОНЫ 6 ДУГААР САРЫН 30-НЫ ӨДӨР ТӨРИЙН ОРДОНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц  ХБНГУ-ын Ханнс-Зайделын сантай хамтран Үндсэн хуулийн цэцийн 25 жилийн ойд зориулан “Үндсэн хуулийн шүүх эрх мэдэл:Тулгамдсан асуудал, ирээдүйн төлөв” сэдэвт олон улсын бага хурлыг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Төрийн ордонд зохион байгууллаа.

Ойг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд болон ХБНГУ-ын Ханнс-Зайделын сангаас  тус тус мэндчилгээ ирүүллээ.

_DSC0059

УИХ-ын дарга мэндчилгээндээ, Үндсэн хуулийн цэц өөрийн үүсэл хөгжлийн 25 жилийг ардаа орхин төлөвшиж хөгжихдөө Үндсэн хуульт ёсыг хөгжүүлэх, Үндсэн хуулиар тогтоосон хэм хэмжээг чандлан сахиулж хамгаалах нэн хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй үйл хэргийг амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд Үндсэн хуульт ёсыг хамгаалах, Үндсэн хуулиа дээдлэн хүндэлж сахин мөрдөх ухамсрыг иргэддээ төлөвшүүлэх чиглэлээр олон чухал дүгнэлт, шийдвэр гаргаж, өөрөө ч төлөвшин хөгжиж ирснийг онцлон тэмдэглэжээ.

Олон улсын бага хурлын үеэр Үндсэн хуулийн цэцийн гишүүн, доктор, профессор Н.Жанцан “Үндсэн хуулийн шүүх эрх мэдэл:Тулгамдсан асуудал, ирээдүйн төлөв” сэдэвт үндсэн илтгэл тавив.

_DSC0003

Тэрээр илтгэлдээ, Үндсэн хуульт ёс ба Үндсэн хуулийн шүүх эрх мэдэл, Монгол орны онцлогийн тухай, Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулиар баталгаажсан зорилгоо хэрхэн ханган биелүүлж ирсэн тухай, Монгол Улс дахь Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын тухай, Монгол Улс дахь  Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийн цаашдын хандлагын тухай асуудлыг хөндсөн байв. Үндсэн хуулийн хяналт, Үндсэн хуулийн шүүхийн эрх хэмжээг боловсронгуй болгоход чиглэсэн олон асуудал байгааг дурьдаад нэн тэргүүнд Үндсэн хуульт ёс, хууль дээдлэх ёсыг төлөвшүүлэх, улс төрийн нам, албан тушаалтны зүгээс ирэх нөлөө дарамтыг багасгах, Үндсэн хуулийн цэцийн хараат бус байдлыг баталгаажуулах явдал чухлаар тавигдаж байна. Энэ үүднээс Үндсэн хуулийн цэцийн болон маргаан хянан шийдвэрлэх процессын хуулийг дэлхийн төвшинд нийцүүлэн боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага тулгараад байгаа бөгөөд уг ажил бидний ойрын ирээдүйн зорилт болж байна гэдгийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан цохон хэллээ.

 Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр “Монгол Улсын Үндсэн хуулийн үндсэн бүтэц” сэдэвт илтгэлдээ, Үндсэн хуулийн үндсэн бүтцийг голлох цөөн хэдэн зарчмын хувьд томьёолон, тусгай заалт болгон Үндсэн хуульдаа өөрт нь тусгах нь зүйтэй байна гээд учир нь үндсэн бүтцийн номлолын нэг зорилго бол парламентын зүгээс учирч болох улс төрийн шинжтэй халдлагаас Үндсэн хуулийг хамгаалах үүрэгтэй. Нөгөөтэйгүүр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар түүний үндсэн бүтцэд гэмтэл учруулах юм уу, улмаар дордуулах шинжтэй нэмэлт, өөрчлөлт оруулах боломжийг хязгаарлах учиртай юм гэлээ.

 Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзориг “Үндсэн эрхийн маргаан: Цэц шийдвэрлэх боломж, хандлага” сэдвээр  илтгэл тавьж, түүндээ Монгол Улсад хүний эрхийн бүхий л төрлийн зөрчлийн асуудлыг Үндсэн хуулийн цэц хянан шийдвэрлэх асуудлаар олон удаагийн хэлэлцүүлэг өрнүүлж, үүний үндсэн дээр шийдвэрлэх асуудал, гарч болох эерэг болон сөрөг үр дагаврын талаар тодорхой түвшинд ойлголцох шаардлага байгаа, ямар үр дүн гарахаас үл хамаарч хүний үндсэн эрхийг тухайлан хамгаалах талаар эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох алхам хийх саналыг дэвшүүллээ.

Эдгээр илтгэлээс гадна ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхийн шүүгч, доктор С.Д. Князев “ОХУ-ын Үндсэн хуулийн шүүх эрх мэдэл:Орчин үеийн бодит байдал ба шинээр тулгарч буй асуудал”, Монгол Улсын Улсын Их Хурлын гишүүн, доктор Д.Лүндээжанцан “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үзэл баримтлалын асуудал” , ХБНГУ-ын Холбооны Үндсэн хуулийн шүүхийн шүүгч, доктор Зибюлле Кессал-Вульф “Парламент болон Үндсэн хуулийн шүүх хоорондын харилцааны зөрчилдөөнтэй байдал”, БНТУ-ын Үндсэн хуулийн шүүхийн шүүгч, доктор Режай Акеал “БНТУ-ын Үндсэн хуулийн шүүхийн тулгамдсан асуудал ба хэтийн төлөв”, БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн шүүгч Ким Чань Жунь “БНСУ-ын Үндсэн хуулийн шүүх: Нийгмийн үндсэн эрхийг хангах нь”, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, доктор, профессор Д.Солонго “Үндсэн хуулийн хяналтын нийгэм-хууль зүйн мөн чанар”, сэдвээр тус тус илтгэл тавилаа.

Олон улсын бага  хуралд оролцсогсод үзэл бодол, байр сууриа чөлөөтэй илэрхийлж, шинжлэх ухаанч, ажил хэрэгч хэлэлцүүлэг өрнүүлэн улс орон бүр өөрийн Үндсэн хуулийн шүүхийн туршлагаа хуваалцаж Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв, цаашид улам боловсронгуй болгох асуудлыг хэлэлцсэн байна.

Random Posts