БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн Ерөнхийлөгч Ли Жинсунг Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Н.Жанцан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

БНСУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт 2017-2018 онд үзүүлэх хөгжлийн буцалтгүй тусламжийн хүрээнд “Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцэд цахим шүүхийн үйлчилгээний тогтолцоо бий болгох” төслийн ажил эхэлж буйтай холбогдуулан БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны Нийгэмлэгээс Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүд, Тамгын газрын ажилтнуудад зориулсан уулзалт, төслийн сургалтыг 2018 оны 2 дугаар сарын 5-10-ны өдрүүдэд Сөүл хотноо зохион байгууллаа.

Ailchlal2

БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн Ерөнхийлөгч Ли Жинсунг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан тэргүүтэй төлөөлөгчдийг 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч уулзав.  Уулзалтын үеэр талууд БНСУ-ын Үндсэн хуулийн шүүх, Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэв. Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцэд цахим шүүхийн тогтолцоо бий болгоход БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн цахим үйлчилгээ нэвтэрсэн туршлага чухал бөгөөд төслийг хэрэгжүүлэх явцад боловсон хүчнийг бэлтгэх, сургах явдал чухал гэдгийг Монголын тал тэмдэглэлээ. БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн цахим шүүхийн үйлчилгээний талаар Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцэд зориулан 2018 оны III улиралд  хоёр дахь шатны сургалт зохион байгуулахаар тохирсон байна.

Solongos ailchlal1

Мөн БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн Ерөнхийлөгч Ли Жинсунгийг 2018 онд тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урьсан Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярын урилгыг гардуулав.

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц, БНСУ-ын Үндсэн хуулийн шүүх Азийн Үндсэн хуулийн шүүх, тэдгээртэй адилтгах байгууллагуудын нийгэмлэгийн хүрээнд хамтын ажиллагаагаа улам бүр уялдуулан нягтруулна гэдгээ талууд илэрхийллээ.

Uncategorized