Үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд сөрөг үр дагавар үүсгэх зохицуулалт болсон байна гэж Цэц дүгнэлээ

Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн /2019-6-28/ дунд суудлын хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг  хянан хэлэлцлээ.

Улсын Их Хурал Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа, холбогдох хэсгийг  “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө.” хэмээн өөрчлөн найруулсан байна.

Ийнхүү өөрчлөн найруулахдаа өмнө нь зөвхөн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлдөг байсныг ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд бүр төлдөг байхаар хуульчилжээ. Тодруулбал, ашигт малтмал ашигласны төлбөр гэх нэг төрлийн төлбөрийг тухайн ашигт малтмалыг олборлож, худалдаж байгаа этгээдээс гадна түүнийг худалдан аваад ашигт агуулгыг нэмэгдүүлж, баяжуулан нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэгчээс хүртэл давхардуулан авах боломж бий болгосон байна. Энэ нь дотоодын үйлдвэрлэл, аж ахуй эрхлэгч иргэдийг дэмжих агуулгагүй, харин улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах, түүний тогтвортой байдлыг бий болгох, цаашлаад үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд сөрөг үр дагавар үүсгэх зохицуулалт болсон  байна гэж Үндсэн хуулийн цэц дүгнэлээ.

Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн дээрх зохицуулалт нь  “Төр нь … аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.”,  “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэсэн Үндсэн хуулийн заалтад нийцээгүй байна гэж Цэц дүгнэв.

Мөн уг заалтаас үүдэлтэй 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт Үндсэн хуулийн дээрх заалтыг зөрчих нөхцөл байдлыг үүсгэжээ гэж Цэц үзлээ.

Монгол Улсын Их Хурал нь хууль тогтоогчийн хувьд Үндсэн хуульд заасан өөрийн онцгой бүрэн эрхийн хүрээнд үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг сайжруулан өөрчлөх боломжтой болохыг Үндсэн хуулийн цэцийн  дүгнэлтэд дурджээ гэж Цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Uncategorized