Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо

        Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэг, мөн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэц 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаараа хянан хэлэлцлээ.

        Уг хуралдаанаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэг Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт, Арван есдүгээр зүйлийг 1 дэх хэсгийг тус тус зөрчөөгүй байна гэж үзлээ.

        Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс санал авах өдрийн дараах өдөр хүртэл шилжилт хөдөлгөөнийг зогсоохоор хуульчилсан нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасны дагуу орон нутгийн Хуралд нэр дэвших хүсэлтэй иргэний хувьд дээрх хугацаанд тухайн орон нутагт байнга оршин суугчаар бүртгүүлж, сонгогдох эрхээ эдлэх боломжгүй болгожээ. Тодруулбал, хууль тогтоогч тус хуулийг батлахдаа түүний хэрэгжих боломж, бусад хуулийн зохицуулалт хоорондын харилцан уялдааг хангаагүйгээс Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтаар баталгаажсан иргэдийн сонгогдох эрхийг хязгаарласан гэж үзэж, Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын “… Төрийн байгууллагад … сонгогдох эрхтэй. …” гэснийг тус тус зөрчсөн байна.” гэсэн 09 дүгээр дүгнэлтийг гаргав.

Uncategorized