Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг УИХ-ын Байнгын хороо хэлэлцэв

        Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн Байнгын хорооны 2021 оны 01 дүгээр сарын 5-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 12 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн байна.

        Дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулжээ. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Аравдугаар зүйлийн 2, 3, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1, Дөчин долдугаар зүйлийн 1, 2, Дөчин есдүгээр зүйлийн 1, 2, Тавьдугаар зүйлийн 2, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн билээ.

        Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шидвэрлэж, дараах дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцээс гаргасан. Үүнд:

    1.Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал,… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль … бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг тус тус зөрчсөн байна.
    2. Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Дөчин долдугаар зүйлийн 1, 2, Дөчин есдүгээр зүйлийн 1, 2, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчөөгүй байна.
    3. Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц гаргасан.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Ж.Сүхбаатар нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал,… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль … бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг тус тус зөрчсөн эсэх талаар тус бүр саналт хураалт явуулахад заалт тус бүр дэмжигдээгүй. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

/эх сурвалж: Parliament.mn /

Uncategorized