Үндсэн хуулийн цэцийн 06 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзлээ

Монгол Улсын Их Хурлын чуулганы 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 06 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ. Уг дүгнэлтийн талаар Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Баясгалан, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн нар тус тус танилцуулсан.

Цэцийн дүгнэлтэд, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх эсэх талаарх  Цэцийн гишүүний шийдвэрийг маргагч талууд буюу Цэцийн аль нэг гишүүн эс зөвшөөрч гомдол, санал бичгээр гаргасан бол Цэцийн даргын тогтоолоор томилсон 3 гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаанаар хянан хэлэлцэж, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх эсэхийг шийдвэрлэж магадлал гаргана.” гэж заасны буюу Цэцийн аль нэг гишүүн …, санал …” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “… тэгш байдал …-г хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Жаран дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна.”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана.” гэж заасныг тус тус зөрчсөн байна гэж үзжээ.

Мөн Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “… буюу Цэцийн аль нэг гишүүн …, санал …” гэсэн заалтыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй гэсэн байлаа.

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо цэцийн 06 дугаар дүгнэлтийг 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн.

Монгол Улсын Их Хурлаас 1997 оны 5 дугаар сарын 01-ний өдөр баталсан Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх эсэх талаархи Цэцийн гишүүний шийдвэрийг маргагч талууд буюу Цэцийн аль нэг гишүүн эс зөвшөөрч гомдол, санал бичгээр гаргасан бол Цэцийн даргын тогтоолоор томилсон 3 гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаанаар хянан хэлэлцэж, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх эсэхийг шийдвэрлэж магадлал гаргана.” гэсний “… буюу Цэцийн аль нэг гишүүн …. санал, …” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт"… тэгш байдал …-г хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Жаран дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна.”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана.” гэж заасныг тус тус зөрчсөн байна гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 06 дугаар дүгнэлтийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн танилцуулгадаа онцолсон.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Д.Ганбат нар асуулт асууж, үг хэлсний дараа Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 06 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэдгийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн тул энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа.

/Эх сурвалж:Parliament.mn/

Uncategorized